Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулжээ

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (Ам Чам) нь Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг “Шангри Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Уг уулзалтад АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт зочноор оролцож, “Ам Чам”-ийн гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаадын худалдааны танхим болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хийсэн юм.

“2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байна. Засгийн газар ирэх жилүүдэд хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Мөн тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг дуулгасан юм.

Уг Зөвлөлийг байгуулах ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулжээ.

Хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээний бүрэн дүүрэн хэрэгжилтийг хангах нь чухал хэмээн “Ам Чам Монгол”-ын ТУЗ-ын дарга Жэй Лиотта уулзалтын үеэр онцолж байсан.

Уг уулзалтад оролцсон Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр Монголд хөрөнгө оруулж буй гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж байгааг дурдаад, хөрөнгө оруулалтгүйн улмаас хэрэгжихгүй байгаа төслүүдийг судалж, сонгон шалгаруулна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагч та бүхнийг бүх талаар дэмжиж ажиллаж байж эдийн засгийн хүндрэлээс гарна, гэхдээ аливаа зүйлийг эдийн засгийн судалгаа тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хийх ёстой.Эхний ээлжинд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг тодорхой болгоно” хэмээн тодотгосон.


Мэдээллийг түгээх