Нэг. Эрх зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлага - Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дэх хэсэг, УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.6, тус тогтоолын хоёрдугаар хавсралтын 5 дахь хэсэг, УИХ-ын 2016 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хавсралтын 2.4 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.22.2 болон 5.6.6 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 208 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний 1.3.6-д тус тус заасны дагуу Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон байна. Дээр дурдсан хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг үндэслэн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоол болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, түүнийг бүрэлдэхүүнийг баталсан байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9.4-д заасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны 353 тоот тушаалаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажиллах журам, Хөрөнгө оруулагчийн өргөдөл, гомдолыг хүлээн авч шийдвэрлэх журмыг батлан ажиллаж байна. Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдад бодлогын, хамтын ажиллагааны болон хууль, эрх зүйн тогтвортой байдал, тааламжтай орчинг бүрдүүлж, тэдгээрийн эрх ашигт хамаарах олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, цаашид хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлэх явдал юм. 

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүн нь дарга, 16 гишүүн, нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг. ҮүндЗөвлөлийн дарга: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Гишүүд: -Сангийн сайд;

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх; 

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Үндэсний хөгжлийн газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал;

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч; 

-Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Бодлогын асуудал эрхэлсэн захирал;

-Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч; 

-Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

-Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал;

-Британи-Монголын Худалдааны танхимын захирал.

Зөвлөлийн Нарийн бичгийн дарга- гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Нарийн бичгийн дарга нь 2017 оны 3 дугаар сарын 10-д томилогдсноор тус зөвлөлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн болно. ЖИЧ: (Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс 3 гишүүнийг нэг жилийн хугацаатайгаар ЗГХЭГ-ын дарга томилохоор шийдвэрлэсний дагуу ЗГХЭГ-ын даргын 2017 оны 103 дугаар тушаалаар томилсон.)

Гурав. Зөвлөлийн чиг үүрэг, зохион байгуулалт

Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байна.Зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн ердийн олонхиор шийдвэр гаргах бөгөөд Зөвлөлийн хуралдааны шийдвэрт Зөвлөлийн дарга, зөвлөлийн хуралдаанд тухайн асуудлыг хариуцан оруулж танилцуулсан гишүүн болон зөвлөлийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар баталгааждаг. Орон тооны бус зөвлөл, байнгын ажиллагаатай ажлын албаны бүтэцтэй.

Дөрөв. Зөвлөлийн ажиллах журам, өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа

Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 105 Өргөдөл, Гомдол, Санал хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр өргөдөл, гомдол, санал хүсэлтийг Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолыг шийдвэрлэх тухай хууль, тэдгээр хуульд нийцүүлэн гаргасан ЗГХЭГ-ын даргын 2016 оны 353 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажиллах журмын Хөрөнгө оруулагчийн өргөдөл, гомдолыг хүлээн авч шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэж байна. Тус зөвлөлөөс хөрөнгө оруулалтай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэхэд холбогдох хууль, Засгийн газрын тогтоолоор зохицуулсан эрх хэмжээ тус зөвлөлд олгогдоогүй, гомдолыг шууд барагдуулах, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх эрх олгогдоогүй  байгаагаас зарим хүндрэл учирч байна. Иймд тус зөвлөлөөс талуудын уулзалт, зөвшилцөл хийлгэх, хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө өгөх байдлаар үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэж ирлээ. Эдгээр өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл, 40 хувь нь уул, уурхай, 20 хувь нь зам, тээвэр, барилга, үйлдвэрлэл, 10 хувь нь мэдээлэл, харилцаа холбоо, сансрын технологи, 10 хувь нь банк, санхүү, татвар, 5 хувь нь газар, түүний өмчлөл, ашиглалт, 5 хувь нь үндэсний хөгжил, төлөвлөлт, үлдсэн хувийг шударга өрсөлдөөн, хууль хяналтын байгууллагуудын хяналт, дарамт шахалт, бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

Case 4.1. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах газраас Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорацийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсантай холбогдох маргааныг мэдээллийн дагуу Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 4 дүгээр сарын 20-ны хуралдаанаар хэлэлцээд, хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулахыг дэмжиж, хууль бусаар цуцалсан тусгай зөвшөөрөлийг сэргээсэн. Ингэснээр Япон улсын хөрөнгө оруулагч болох KDDI компаниас Мобиком корпорацийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сүүлийн 10 жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан 10 гаруй сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг тус корпорацид оруулахаар болсноо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонготой KDDI компанийн ТУЗ-ын дарга Хироюүки Соши, Мобиком корпорацийн захирал Тацуяа Хамада нар 2017 оны 5 дугаар сарын 16-нд уулзаж мэдэгдсэн байна.

4.2. Мөн “Эвридей Ферм” ХХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй “Мон-Наран” төслийн үйл ажиллагаатай холбогдуулан Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хооронд үүссэн 500 сая төгрөгийн төлбөрийн маргаантай асуудлыг ХОЭАХЗ-өөс ажлын хэсэг байгуулан судалгаа хийн ажиллаж, талуудыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг талуудад зөвлөсөн. Үүний үр дүнд талууд 2017 оны 6 дугаар сарын 19-д 2017-Э\Х 24 дугаартай “Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих” гэрээг шинээр байгуулан үүссэн асуудлаа амжилттай шийдвэрлэсэн. 10МВт-ын нарны цахилгаан станцын Мон-Наран” төсөл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Цахилгаан станцын нээлтээ хийсэн байна. 

4.3. 560 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр баригдсан Улаанбаатарын Шинэ нисэх буудлын менежмент төсөл, хөрөнгө оруулах-ашиглах нөхцлөөр концессын гэрээ байгуулах Японы компаниудын төлөөлөлтэй хийж буй хэлэлцээрийг үргэлжлүүлэх, үүссэн нөхцөл байдлыг зохицуулж өгөх талаар гаргасан хүсэлтийг ХОЭАХЗ-өөс шийдвэрлэсэн. ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Зам тээвэрийн хөгжлийн сайд, ГЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ-ын дарга нар орсон ажлын хэсэг байгуулж, дүнг ХОЭАХЗөвлөлийн хуралдаанд танилцуулсны дагуу Засгийн газрын хуралдаанаар 2017 оны 9 сарын 2-нд тус хэлэлцээрийн явц, Шинэ нисэх буудлын ашиглалтын талаар танилцуулга хийж, цаашид ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэмэлт санхүүжилтэд шаардагдах 36 сая ам.долларыг төсөвт суулган санхүүжүүлэхээр тогтсон. 

4.4. Дорнод аймгийн ИТХ, Засаг даргаас  Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны тус аймгийн Тамсаг дахь газрын тосны талбайгаас Баянхошуу хилийн боомт хүртлэх нефть тээвэрлэлтийн замыг хааснаас шалтгаалж 5 сая ам.долларын алдагдал хүлээх болж байгаа тухай гомдол зөвлөлд гаргасан. Тус зөвлөл ирүүлсэн хүсэлтийн дагуу судлан үзэхэд Хятадын хөрөнгө оруулалтай Петрочайна Дачин Тамсаг ХХК нь Монголд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг.  Дорнод аймгийн Тамсаг дахь газрын тосны талбайгаас Баянхошуу хилийн боомт хүртэл шороон авто замаар өдөрт дунджаар 350 хүнд даацын авто машинаар нефть тээвэрлэлт хийж байгаа нь тухайн бүс нутагт оршин суугаа иргэд, амьтан, ургамал, бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлж ирсэн байнаИймд тус компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөгөө талаас тухайн орон нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөлж буй байдлыг арилгах зорилгоор харилцан тохиролцож, Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ын захирал хамтран 2017 оны 9 сарын 27-д Хамтран ажиллах Санамж Бичиг байгуулсан. Тус Санамж бичгийн хүрээнд Петрочайна Дачин Тамсаг ХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлж 2018 онд багтаан 68 км хатуу хучилттай авто зам барьж дуусган түүгээрээ тээвэрлэлт хийх, тухайн орон нутгийн иргэдийг ажилд авах, аж ахуйн нэгжүүдээс туслан гүйцэтгэч шалгаруулж авч байх, Байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар тусгагдсан болно

Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгосон тухай 

5. Үүнээс гадна Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалган судлах үүрэг бүхий холбогдох яам, агентлаг, хууль хяналтын байгууллагуудын төлөөлөлтэйгээр ажлыг хэсгийг байгуулан ажилласан. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаанд улирал тутам ажлын хэсгээс танилцуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой 237 захиргааны хэм хэмжээний актыг хянаж үзээд, тэдгээрээс хуульд нийцээгүй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг хуульд нийцүүлэн шинээр боловсруулахаар болсон.

Тав. Хөрөнгө оруулалтын хамгаалалтын бодлого, хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2017 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөвлөлийн даргаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гарган Зөвлөлийн гишүүдэд хүргүүлэн, 2018 оны төлөвлөгөөнд санал авч байна. \Хавсралт 1\

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг тухай бүр батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2017.04.06-ны хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ҮХГ-ын даргын 2017.04.12-ны хамтарсан А\33, А\49 тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 2001 оноос хойш гадаадын шүүх, арбитрын журмаар Монгол Улсын Засгийн газарт холбогдох 5 хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 3 маргаан  Монгол Улсын Засгийн газрын талд шийдвэрлэгдэж, 1 хэрэг талууд харилцан тохиролцсон, 1 хэрэгт ялагдсан байна.  Энэ нь 2015 онд “Хан ресорсиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанд арбитрын шийдвэрийн дагуу манай талд 105 сая ам.долларын их хэмжээний нөхөн төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн. Иймд Засгийн газрын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа асуудлыг маргаан болж дэгдэхээс өмнө дотооддоо зохицуулах тогтолцоог бий болгохоор зорьж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор “Гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүссэн тохиолдолд баримтлах журам”-ыг Засгийн газрын 207 оны 6 сарын 7-ны 160 дугаар тогтоолоор баталсанХөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамгаалалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг дээшлүүлэх хүрээнд Дэлхийн банк болон бусад улс, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд Дэлхийн Хөрөнгө Оруулалтын Орчныг Шинэчлэгчдийн Нийгэмлэгийн санаачлагч - үүсгэн байгуулагч гишүүнээр Монгол Улсын Засгийн газар сонгогдсон. Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулагчийн хамгаалалт, хөрөнгө оруулалтыг дэмжих механизмыг бүрдүүлж ажиллаж байгаа явдлыг сайшааж, Дэлхийн банк группээс санаачилж буй “Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл форум”-ын үүсгэн байгуулагч орон болж, хамтрахыг Монгол Улсад уриалсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар уг саналыг талархан хүлээн авч, өндөр ач холбогдол өгөн бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны 147 дугаар тушаалаар Монгол Улс Дэлхийн банк группээс санаачилж байгаа “Дэлхийн Хөрөнгө оруулалтын форум”-ыг үүсгэн байгуулагч гишүүн орон болохоор төлөвлөж байгаатай холбогдуулан форумд оролцох бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий 10 яамны Төрийн нарийн бичгийн дарга орсон ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо зохион байгуулагдах Хөрөнгө Оруулалтын Өрсөлдөх Чадварын чуулга уулзалтад Ерөнхий сайдын бие төлөөлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. “Инвест Монголиа 2017” хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Фронтиер ҮЦК хамтран 2017.09.4-5-ны өдрүүдэд Шангрила Зочид буудалд зохион байгуулав. Тус хөрөнгө оруулалтын форумд 1115 хөрөнгө оруулагчид оролцсон бөнөөд гадны хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хүргэсэн байна. Мөн Токио - Инвест Монголиа 2017” хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Фронтиер ҮЦК хамтран Японы Токио хотноо 2017.11.20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус форумд японы 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцохоор төлөвлөж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, 9 сарын 28-д сард Дэлхийн банкны суурин төлөөгчийн газартай хамтран гадаад улсын Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчийн хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон. Мөн АНУ, БНХАУ-ын Элчин сайд, Элчин сайдын яамд, АмЧам” Амеркийн Худалдааны танхим, Хятадын Монгол дахь худалдааны нийгэмлэгтэй хамтран тухайн улсуудын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй тусгайлсан хэлэлцүүлэг, уулзалтыг хийсэн. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдаа сонсах үүднээс Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монгол дахь Америкийн Худалдааны танхим, Британи-Монголын Худалдааны танхимын гишүүд компаны төлөөлөгчидтэй уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулж, тулагмдаж буй асуудлын талаар ярилцсан.

Зургаа. Бусад асуудал -Цаашид хийх ажлын талаарх нэмэлт мэдээлэл

1. Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Хөрөнгө оруулагчдын өргөдөл, гомдол, санал хүсэлтийн нэгдсэн бүртгэлийн систем SIRM–ийг байгуулж, төрийн байгууллагуудад нийтээр ашиглах, хэрэглэх талаар Засгийн газрын тогтоолоор журам батлуулж, тус системийг ашиглах талаар төрийн байгууллагуудад сургалт, сурталчилгааны ажил хийгдэнэ. Тус чиглэлээр ЗГХЭГ, Олон улсын санхүүгийн корпорацитай 2017.07.19-д хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан ба цаашид Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах асуудал IFC-ийн зүгээс төслөө танилцуулаагүй тул хүлээгдэж байгаа болно. 

2. Гадаадын хөрөнгө оруулагчдын “Нэг Цэгийн үйлчилгээний төв” байгуулах талаар  АНУ-ын ЭСЯ, Японы ЭСЯ-тай хамтран ажиллана.  АНУ-ын ЭСЯ, “АмЧам” Амеркийн Худалдааны танхим -тай хамтран төсөл хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж, удаа дараа уулзалтууд хийж байна. Цаашид хамтран ажиллах замын зурглалаа гаргахаар ажиллаж байна.

3. Хөрөнгө оруулалт, худалдаа, Олон улсын гэрээний эрх зүйгээр мэргэшсэн мэргэжилтэн, хуульчдыг бэлтгэж сургахад ХБНГУ-ын ГТХАБ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран тус чиглэлээрх олон улсын өндөр түвшний эксперт урьж ажиллуулах, ахисан түвшний сургалт зохион байгуулахаар болсон.

4. Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагаас учирч буй бэрхшээл, тэдний эрх ашгийг хөндсөн, хохироосон асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий байнга ажиллах Ажлын хэсгийг Ерөнхий Сайдын 48 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна. Хэрэгжилтийг улирал тутам ХОЭАХЗөвлөлийн хуралдаанд танилцуулж байна

Мэдээллийг түгээх