МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.МӨНХБАТЫН “ИНВЕСТ МОНГОЛИА-2017” ЧУУЛГАНД ТАВЬСАН ИЛТГЭЛ

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Иймд Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж байна.

Статистикээс үзэхэд, 2011 онд 17.3 хувьд хүрч байсан манай улсын эдийн засгийн бодит өсөлт буурсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч эдийн засаг агшиж эхэлсэн. 2011-2012 онд ДНБ-ий 20 орчим хувийг эзэлж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар 2016 оны эхэнд эрс татарч, хөрөнгө оруулалтын урсгал гадагшлах хандлагатай болсон.

Олон улсын болон манай дотоодын шинжээчдийн дүгнэсээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал буурахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал төдийгүй дотоодын хууль, эрх зүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлогын тогтвортой бус байдал нөлөөлсөн гэж үзжээ.

Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид Эдийн засгийг сэргээх хөтөлбөр-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. 

 Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 төгрөгөөр буюу эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна. 2012 оноос хойш сар, улирал тутамд тасалдаж ирсэн улсын төсвийн орлого 2017 он гарснаас хойш сар тутам тогтмол давж биелсээр, оны эхний 7 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 330,0 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны 8 дугаар сарын байдлаар шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 233 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар өссөн байна.

Уг эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 (2.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 (7.9%) тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр Татвар 160.6 (21.7%) тэрбум төгрөгөөр өссөн буюу уул уурхайн бус салбарт өсөлт гарсан нь нөлөөлсөн байна. Үүнээс харахад дан ганц нүүрсний үнэ өссөнөөр өсөлтөд нөлөөлсөн биш, эдийн салбарууд жигд өсөлт гаргасан байгаа нь Монголбанк, Үндэсний Статистикийн Хорооны статистик судалгаанаас харагдаж байна.

Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган орлого өсч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэллээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулах, хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан.

Энэ хүрээнд 2016 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь дарга, 15 гишүүн, нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүдээр Сангийн сайд, холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл ажиллаж байна

Зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн байгууллагын хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.

Тус зөвлөлийн ажлын албанд одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдаас 83 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээр өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл, 40 хувь нь уул, уурхай, 20 хувь нь зам, тээвэр, барилга, үйлдвэрлэл, 10 хувь нь мэдээлэл, харилцаа холбоо, сансрын технологи, 10 хувь нь банк, санхүү, татвар, 5 хувь нь газар, түүний өмчлөл, ашиглалт, 5 хувь нь үндэсний хөгжил, төлөвлөлт, үлдсэн хувийг шударга өрсөлдөөн, хууль хяналтын байгууллагуудын хяналт, дарамт шахалт, бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

Эдгээрээс жишээлбэл, Харилцаа холбооны зохицуулах газраас Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорацийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсантай холбогдох маргааныг мэдээллийн дагуу Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулахыг дэмжсэн юм. Ингэснээр Япон улсын хөрөнгө оруулагч болох KDDI компаниас Мобиком корпорацийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сүүлийн 10 жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан нэмэлт хөрөнгө оруулалтыг тус корпорацид оруулахаар болсон байна.

Мөн Япон улсын хөрөнгө оруулалттай Эвридей Ферм ХХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Мон-Наран төслийн үйл ажиллагаатай холбогдуулан Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хооронд үүссэн хүндрэлтэй асуудлыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг талуудад зөвлөсөн. Үүний үр дүнд талууд шинээр гэрээ байгуулан үүссэн асуудлаа амжилттай шийдвэрлэж, Мон-Наран төсөл үйл ажиллагаагаа хэвийн явуулах болжээ. Мөн Шинэ нисэх буудлын асуудал болон Эрдэнэс Тавантолгой ХК, Чалько компанийн хооронд үүссэн өр авлага, гэрээний хэрэгжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, зохих үр дүнд хүрч байна. 

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулан ажиллуулсан. 

Тус ажлын хэсгийн мэдээлснээр хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байхад нь холбогдох хууль, хяналтын байгууллагын албан хаагчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн, хүнд суртал гаргасан, ёс зүй зөрчсөн талаарх өргөдөл, гомдол 2014 оноос 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 39631 бүртгэгдсэн байна. 

Үүнээс 454 буюу 1.2 хувь нь тухайн байгууллагын албан хаагчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс 188 буюу 41.4 хувьд нь зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах арга хэмжээг авч, 24 албан хаагчид хуульд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

Мөн хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой 237 захиргааны хэм хэмжээний актыг хянаж үзээд, тэдгээрээс хуульд нийцээгүй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг хуульд нийцүүлэн шинээр боловсруулахаар болсон.

Түүнчлэн ажлын хэсгийн мэдээлэлд үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 298, гадаадын улсын 21, нийтдээ 319 иргэнд хилийн хориг тавьсан асуудлыг цуцалж, хөрөнгө оруулагчийн эрх, баталгааг хязгаарлахтай холбоотой нийтлэг зөрчлүүдийг арилгах буюу хууль бусаар дарамт шахалт үзүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг асуудлыг таслан зогсоож, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох эрх бүхий байгууллагуудад үүрэг болгосон. 

Цаашид дээр дурдагдсан нийт гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хуулийн давхардал, хийдлийг арилгах, хөрөнгө оруулагчид аливаа саад бэрхшээл учруулсан заалтуудыг хүчингүй болгох, зохицуулалтыг шат дараалалтай нарийвчлан зааж өгөх замаар хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад голлох эх сурвалжаа болгон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Монгол Улсад хүнд суртал, олон шат дамжсан гарын үсэг, түүнийг дагасан лиценз, зөвшөөрлүүд бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Иймд Засгийн газраас зөвшөөрөл, лиценз олгодог шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн урьдчилсан судалгаагаар 1400 нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулах боломжтой гэж үзсэн байна. 

Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын гэрээний тухайд, Монгол Улс “Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай” Вашингтоны конвенц, “Гадаад арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх , биелүүлэх тухай” Нью-Йоркийн конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын олон талт агентлагийг үүсгэн байгуулах тухай Сөүлийн конвенцид тус тус нэгдсэн орсон бөгөөд 44 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан байна.

Тухайлбал, олон жилийн турш хэлэлцээ хийж, шийдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохиролцож, 2016 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан нь хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй бодлогын нэгэн тод илрэл болсон. Мөн Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй зөвлөмж, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. 

Монгол Улсын Сангийн яам, ХЗДХЯ, УУХҮЯ-аас ирүүлсэн мэдээллээс үзвэл, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой шүүхээс хянан хэлэлцэж байгаа болон эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 106 хэрэг, маргаан байна. Үүнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 47 маргааны 48 хувь буюу 23 маргаан нь хөрөнгө оруулагчийн талд шийдвэрлэгдэж, 40 хувь буюу 19 маргаан нь Монголын талд шийдвэрлэгджээ. Маргааны төрлөөр нь авч үзвэл, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, тендертэй холбоотой төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой маргаан дийлэнх хувийг эзэлж байна.

Тухайлбал 2001 оноос хойш гадаадын шүүх, арбитрын журмаар Монгол Улсын Засгийн газарт холбогдох 5 хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 2015 онд “Хан ресорсиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанд арбитрын шийдвэрийн дагуу манай талд их хэмжээний нөхөн төлбөр төлөх үүргийг хүлээлгэснээр Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлснийг та бүгд санаж байгаа. Манай Засгийн газрын хувьд энэ мэт алдаа, дутагдлыг цаашид гаргахгүйн тулд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа асуудлыг маргаан болж дэгдэхээс өмнө дотооддоо зохицуулах тогтолцоог бий болгохоор зорьж байна.

Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор “Гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүссэн тохиолдолд баримтлах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан

2016 онд UNCTAD-(ЮУНКТАД) болон Дэлхийн банк группээс хийсэн “Монгол Улс дахь хөрөнгө оруулагчийн хамгаалалтын асуудал” сэдэвт судалгаанд оролцсон гадаад, дотоодын аж ахуйн нэгжээс манай улсын төрийн байгууллагуудын гомдол шийдвэрлэлт, хэрэгжилтийн байдалд “маш тааруу” гэсэн үнэлгээг өгсөн бөгөөд тэдгээр гомдолтой холбогдсон асуудлын улмаас эрсдэлд ороод гараад явсан хөрөнгө оруулалтын нийт дүн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 1.9-4.7 тэрбум ам.долларт хүрсэн талаар дурджээ. Судалгааны дүнгээс үзвэл уг асуудал нь Монгол Улсад хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрт тулгамдсан асуудлыг зохицуулах үр дүнтэй арга механизм байдаггүйтэй шууд холбоотой байсан

Иймд хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрээс гаргасан гомдлыг үр дүнтэй, шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэйгээр Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын төслийг боловсруулаад байна. 

Журмын зорилго нь хөрөнгө оруулагчидтай үүсэх маргаанаас сэргийлэх, тэдгээрийн гомдлыг шүүх, арбитрын журмаар хэлэлцэхээс өмнө шийдвэрлэх, улсад хохирол, нөхөн төлбөрийн зардал үүсгэхгүй байх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцсэн, тааламжтай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 8 дугаар сарын 31-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монгол-Английн худалдааны танхим зэрэг байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, тэдгээр байгууллагын гишүүн компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс журмын төсөлд санал авахаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн сард Дэлхийн банкны суурин төлөөгчийн газартай хамтран гадаад улсын элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчийн хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон. Мөн БНХАУ, АНУ-ын элчин сайдын яамдтай хамтран тухайн улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй тусгайлсан уулзалтыг хийсэн.

Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулагчийн хамгаалалт, хөрөнгө оруулалтыг дэмжих механизмыг бүрдүүлж ажиллаж байгаа явдлыг сайшааж, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас санаачилж буйДэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл форум”-ын үүсгэн байгуулагч орон болж, хамтрахыг Монгол Улсад уриалсан бөгөөд бид уг саналыг талархан хүлээн авч бэлтгэл ажилдаа ороод байгаагаа дуулгахад таатай байна.

Хөрөнгө оруулахад хамгийн таатай орны нэгээр Монгол Улс байхын төлөө бидний зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллах бөгөөд энэ үйлсэд маань та бүхний оролцоо нэн чухал тул хамтран ажиллахад үүд хаалга маань үргэлж нээлттэй байх болно гэдгээ энэхүү индрээс мэдэгдье.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.                                                                                                                                   

 


Мэдээллийг түгээх